ХҮНИЙ НӨӨЦИЙН SWOT ШИНЖИЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Хүний нөөцийн SWOT шинжилгээ нь хүний нөөцийн багийн үйл ажиллагаанд нөлөөлж буй дотоод болон гадаад хүчин зүйлийн талаар тодорхой ойлголттой болох боломжийг олгодог. Давуу тал, сул тал, боломж, аюул заналхийллийг нарийвчлан шинжлэх нь танай байгууллагад хүний нөөцийн үр дүнтэй стратегийг бий болгоход тус болох болно.
SWOT шинжилгээ нь:
- Strengths – Давуу тал
- Weaknesses – Сул тал
- Opportunities - Боломж
- Threats – Аюул заналыг тодорхойлох шинжилгээний арга юм.
Давуу болон сул тал нь байгууллагын дотоод хүчин зүйл бөгөөд үүнийг хянах боломжтой. Харин боломж, аюул занал нь байгууллагын гаднах буюу хүний нөөцийн хяналтаас гадуур хүчин зүйлүүд юм. Хүний нөөцийн багийн хувьд байгууллагын эрхэм зорилгыг дэмжихэд өөрийн үүргийг тодорхойлохын тулд эдгээр хүчин зүйлсийг шинжлэх хэрэгтэй.
Хүний нөөц нь байгууллага дахь ажиллах хүчинтэй холбоотой бүх үйл ажиллагааг хариуцдаг. Энэ нь зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийг ажиллуулан туслуулдаг гэсэн үг юм. Хүний нөөцийн хэлтсийг байгууллагын цаашдын үйл ажиллагаанд илүү дэмжлэг үзүүлэхийн тулд хүний нөөцийн баг байгууллагын гүйцэтгэх удирдлагатай нягт хамтран ажиллах хэрэгтэй хэрэгтэй. Ингэснээр хүний нөөцийн ажилтнуудыг илүү сайн бэлтгэх, хэрэгцээгээ хангахуйц боловсон хүчнийг хангах байгууллагын стратегийн чиглэлийг ойлгох боломжийг олгоно.
Хүний нөөцийн багт зориулсан SWOT шинжилгээ нь танай байгууллагын хүний нөөцөд нөлөөлж буй дотоод болон гадаад хүчин зүйлсийг илрүүлэх боломжийг олгодог бөгөөд эдгээрийг илрүүлснээр хүний нөөцийн баг нь ажиллах хүчний төлөвлөлт, хөгжилд чиглэсэн урт хугацааны стратегийг бий болгож чадна. Мөн та байгууллагынхаа чадамжийг хувь хүн болон хэлтсийн түвшинд хэмжихийн тулд SWOT шинжилгээг хийж болно. Жишээлбэл тус шинжилгээний тусламжтайгаар ажилтнууд болон багуудын одоогийн ур чадвар болон дутагдаж буй чадварыг тодорхойлж болно. Ийнхүү уг шинжилгээг хийн, мэдээллийг цуглуулсны дараа та одоо байгаа давуу болон сул талуудыг тодорхой мэдэж авах бөгөөд, урт хугацаанд шаардлагатай ур чадвар, ажилтнуудыг олж авах төлөвлөгөө боловсруулах боломжтой болно.
Хүний нөөцийн үйл ажиллагаанд SWOT шинжилгээ хийхийн ашиг тус
SWOT шинжилгээ нь хүний нөөцийн чиг үүрэг, зорилгод чухал үүрэг гүйцэтгэдэг дотоод болон гадаад хүчин зүйлсийг шинжлэх боломжийг танд олгоно. Багийнхаа давуу талыг мэдэх нь урт болон богино хугацааны зорилгоо бүтээхэд тань тусална. Харин сул талаа ойлгож, суралцах нь аливаа дутагдлыг арилгаж, үйл ажиллагааны тодорхой хэсгийг сайжруулах боломжийг олгоно. Боломжууд нь танай хэлтсийн ирээдүйн чиглэлийг харуулах бол аюул занал нь ирээдүйд болзошгүй асуудал, эрсдэлээс сэргийлэхэд туслах болно. SWOT шинжилгээ нь хүний нөөцийн багийн хувьд аль талаараа хүчтэй байна, аль талаараа хүч нь буурч байна гэдгийг тодорхойлоход тусалдаг тул тус шинжилгээг хийснээр нөөцийг зөв хуваарилах боломжтой болно. Бидний зүгээс хүний нөөцийн удирдах ажилтнуудад тухайн хугацаанд ажиллах хүчний шаардлага хэрхэн өөрчлөгдсөн, эдгээр өөрчлөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг талаар ойлголттой байж, бэлэн байхын тулд жилд хоёр удаа SWOT шинжилгээ хийхийг зөвлөж байна.
Давуу тал нь хүний нөөцийн стратеги, үйл ажиллагааг дэмжих боломжтой хүчин зүйлсийг хэлнэ. Энэ нь байгууллагыг зорилгодоо чиглүүлэхэд туслах хүний нөөцийн хэлтсийн дотоод хүчин зүйлүүд юм. Давуу талаа тодорхойлохдоо дараах асуултуудыг асуугаарай. :
- Хүний нөөцийн баг ямар ололт амжилт гаргасан бэ?
- Манай хүний нөөцийн баг нь бусад байгууллагын хүний нөөцийн багаас юугаараа ялгаатай вэ?
- Хүний нөөцийн багийг юу гайхалтай, нэр хүндтэй болгодог зүйл юу вэ? Жишээлбэл, хүний нөөцийн хэрэгсэл эсвэл нарийн мэргэжлийн ур чадварт гэх мэт
Зорилго нь тодорхой, хэрэгжүүлэх боломжтой, бодитой байвал амжилтанд хүрэх магадлал өндөр байна.
Сул тал нь байгууллагад сөргөөр нөлөөлж болохуйц дотоод хүчин зүйлүүд юм. Сул талыг тодорхойлохдоо дараах асуултуудыг асуугаарай.:
- Танай баг одоогоор хүний нөөцийн ямар чиг үүрэгт муу ажиллагаатай байна вэ?
- Хүний нөөцийн зорилгодоо хүрэхэд ямар дотоод хүчин зүйл саад болдог вэ?
- Танай хүний нөөцийн багт ямар нөөц дутагдаж байна вэ (хүмүүс, технологи, нөөц)?
Боломжууд бол хүний нөөцийн хэлтсийг өсөхөд хүргэх гадаад хүчин зүйлүүд юм. Жишээ нь байгууллага үйлчилгээнийхээ хүрээг өргөжүүлэх эсвэл шинэ байршилд салбарлахыг зорьж байгаа бол энэ нь хүний нөөцөд нэмэлт дэмжлэг болно гэсэн үг юм. Хэрэв байгууллага шинэ зах зээлд давуу тал олж авахыг хүсвэл нэмэлт ажиллах хүчин авах эсвэл одоогийн ажилтнуудыгаа шинэ ур чадварт сургах шаардлагатай болно. Боломжоо тодорхойлохдоо дараах асуултуудыг асуугаарай. :
- Бид хүний нөөцийн зорилгодоо хүрэхийн тулд гадны ямар эх сурвалжийг ашиглаж болох вэ?
- Ирээдүйд хүний нөөцийн ямар технологи эрэлт хэрэгцээтэй байх вэ?
- Байгууллагын зүгээс хүний нөөцийн ажлыг илүү үр дүнтэй болгох ямар хүний нөөцийн хэрэгсэл, технологийг худалдаж авах эсвэл ашиглаж болох вэ?
- Оролцогч талууд хүний нөөцийн багийг хэрхэн харж байна вэ?
- Улс төр, хууль эрх зүй, хүн ам зүйн хүчин зүйлийн нөлөөлөл ямар байна вэ?
Хүний нөөцийн багийн аюул занал нь тухайн байгууллагад сөргөөр нөлөөлдөг гадны хүчин зүйлүүд юм. Аюул заналхийллийг тодорхойлохдоо дараах асуултуудыг асуугаарай. :
- Автоматжуулалт нь хүний нөөцийн багийн хийдэг байсан ажлыг орлож гүйцэтгэх боломжтой юу?
- Таны зорилтот ажил горилогчид болон хүний нөөцийн зах зээл танай байгууллагыг хэрхэн харж байна вэ?
- Улс төр, хууль эрх зүй, хүн ам зүйн хүчин зүйлийн нөлөөлөл ямар байна вэ?
- Бусад байгууллагын хүний нөөцийн багууд танайхаас тодорхой давуу талтай юу?
Дараах зөвлөгөө нь танай байгууллагын хүний нөөцийн давуу тал, сул тал, боломж, аюул заналыг тодорхойлоход туслах болно. Үүнд:
Давуу тал:
1. Ажил олгогчийн хүчтэй брэнд
Хэрэв та хөдөлмөрийн зах зээл дээр гарч, шилдэг ажил горилогчдыг байгууллагадаа татахыг хүсэж байвал ажил олгогчийн хүчтэй брэндтэй байх хэрэгтэй. Google болон Apple бол өдөр бүр олон мянган ажилд орох хүсэлт хүлээн авдаг байгууллагуудын жишээ юм. Ажил олгогчийн танигдсан брэндтэй байх нь таны нэр хүндэд тустай төдийгүй ажилд авах зардлыг бууруулахад тусалдаг. Ажил олгогчийн хүчтэй брэнд нь угаас нь ажил горилогчдыг татах чадалтай байдаг тул танд ажлын зар сурталчилгаанд хэт их мөнгө үрэх, боловсон хүчний агенттэй хамтран ажиллах шаардлага байхгүй болно.
2. Өрсөлдөөнт цалин, урамшууллын багц
Өрсөлдөх чадвартай цалин, урамшууллын багц нь ажилтнуудын сэтгэл ханамжид чухал нөлөө үзүүлдэг. Хийж буй ажлынхаа хөлсөнд сайн цалин авч байгаагаа мэдэрдэг ажилтнууд илүү урам зоригтой байж, байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь идэвхтэй туслахыг хичээдэг. Хүний нөөц ажилтнуудад өгөөмөр цалин өгч чадвал тэдний сэтгэл санааг дээшлүүлж, эргэлтийг бууруулж чадна.
Сул тал:
1. Хязгаарлагдмал нөөц
Хүний нөөцийн үндсэн үүрэг бол байгууллагын ажиллах хүчнийг дэмжих явдал билээ. Хүний нөөцийн ажил бол ажилтныг сонгон шалгаруулах, ажилд авахаас эхлээд ажлаас гарах ярилцлага өгөх хүртэл нь тэдний ажлын явцад нь анхаарч, сайн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, шударга цалин, мэргэжлийн хувьд өсөж хөгжих боломжийг хангах явдал юм. Хязгаарлагдмал нөөц нь хүний нөөцийн энэ үүргээ биелүүлэх явцыг нь хязгаарладаг. Жишээлбэл, ажилд авах төсөв хязгаарлагдмал байгаа нь ажилд авах үйл явцыг уртасгаж болно. Ингэснээр одоо байгаа багийн гишүүд нэмэлт ачааллаас болж ядарч сульдах болно. Эсвэл боловсон хүчин дутуу байгаагаас бүтээмжийн зорилтоо биелүүлж чадахгүй байдалд хүрнэ. Эцсийн эцэст энэ нь бизнесийн гүйцэтгэлийг хязгаарлаж байдаг.
2. Хүний нөөцийн өндөр эргэц
Хүний нөөцийн эргэцийн хувь хэмжээ нь тодорхой хугацаан дахь байгууллагаас гарсан хүмүүсийн тоог илэрхийлдэг. Эргэцийн түвшин өндөр байгаа нь байгууллага боловсон хүчнээ удаан хугацаагаар хадгалж чадахгүй байна гэсэн үг юм. Ажилтнуудаа сэтгэл хангалуун байлгаж, авч үлдэхийн тулд хүний нөөц сайн ажиллах хэрэгтэй. Ажилтнуудын ажлаасаа гарахад нөлөөлдөг бага цалин, буруу менежмент, муу байгууллагын соёл, ажил мэргэжлийн өсөлтгүй байдал гэх мэт олон хүчин зүйлүүд бий. Хэрвээ танай байгууллага өндөр эргэцийн хувьтай бол өрсөлдөгчдөө өндөр гүйцэтгэлтэй ажилтнуудаа алдаж, өрсөлдөх давуу талаа эрсдэлд оруулж болзошгүй. Мөн үүнээс ажилтнуудын идэвх буурч, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орох боломжтой.
Боломж:
1. Хүний нөөцийн технологид хөрөнгө оруулах
Хүний нөөцийн технологид хөрөнгө оруулалт хийснээр ажил горилогчдыг шалгах, элсүүлэх, цалингийн бүртгэл хийх, цаг бүртгэх, ажилчдын бүртгэл хөтлөх зэрэг давтагдах ажлуудыг автоматжуулж, оновчтой болгох замаар хүний нөөцийн үйл ажиллагааг хурдасгах боломжтой. Хүний нөөцийн автоматжуулалт нь хүний нөөцийн багт илүү чухал болон нарийн төвөгтэй чиг үүрэг, ажлууддаа анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах болно. Мөн хүний нөөцийн үйл явцыг илүү ил тод, үр ашигтай, тууштай болгож чадна. Хүний нөөцийн технологи нь хиймэл оюун ухаан дээр суурилдаг тул та үүнийг VR/AR гэх мэт илүү төвөгтэй функцүүдэд ашиглах боломжтой. Жишээлбэл, та ажилтнуудыг шинэ тоног төхөөрөмж ашиглахад сургахад VR ашиглаж болно. Эсвэл ажилд авахдаа VR ашиглан хүмүүсийг оффис, ажлын байр, байгууллагын соёлтой нь танилцуулах боломжтой.
2. Хүний нөөцийн бодлогыг өөрчлөх
Хүний нөцийн шинэ бодлогыг бий болгон ажлын практикийг өөрчилснөөр ажилтнуудад ажлаа сайн хийх боломжийг олгоно. Үргэлж хөгжиж буй технологи болон "шинэ хэвийн" байдал нь ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх шинэ арга зам билээ. Жишээлбэл, олон технологийн компаниуд зайнаас болон хосолсон ажлын зохицуулалтыг санал болгох болжээ. Prodoscore компани нь зайнаас ажиллах нь ажилтнуудын ажлын бүтээмжийг 47 хувиар нэмэгдүүлсэн гэж мэдээлсэн байна. Олон хүмүүсийн хувьд алсын зайнаас ажиллах нь тэдэнд ажил, амьдралын тэнцвэрийг бий болгодог тул зайнаас ажиллах сонирхолтой байдаг байна. Тэд зайнаас ажиллах бүтцийг сонгосноор илүү ихээр гэр бүлдээ цаг зарцуулж, өөртөө анхаарал тавин эсвэл хоббигоо хөгжүүлж чаддаг байна. Түүгээр ч зогсохгүй гэрээсээ ажилладаг ажилтнууд ажилдаа явах цаг болон өдрийн хоолоо гадуур худалдаж авахад зарцуулсан мөнгөө хэмнэх боломжтой болдог байна.
Аюул занал:
1. Хөдөлмөрийн зах зээлийн хэцүү байдал
Хөдөлмөрийн зах зээлд сул орон тоо их, авъяас чадвар хомс байгаа энэ үед өрсөлдөгч байгууллагуудын хооронд талентыг татах дайн хүчтэй байна. Korn Ferry- ийн тайланд 2030 он гэхэд 85 сая гаруй ажлын байр сул байна гэсэн дүгнэлт гарчээ.
Хүний нөөц нь шилдэг ажилтнуудыг татах, хадгалах стратеги боловсруулах ёстой. Сонирхол татахуйц цалин, урамшууллын эсвэл уян хатан ажлын байрыг санал болгох нь хатуу өрсөлдөөнтэй байнга тулгардаг мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн дунд түгээмэл байдаг. Ингэж чадахгүй бол та илүү сайн цалин эсвэл ажлын нөхцөл санал болгодог бусад байгууллагад ажилтнуудаа алдах эрсдэлд орох болно.
2. Өгөгдлийн нууцлал
Байгууллагын датаг хадгалахын тулд үүлэн тооцооллыг ашигладаг байгууллагуудын тоо нэмэгдэж байгаа тул хүний нөөцийн мэдээллийн аюулгүй байдал урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Хүний нөөцийн баг нь ажилтнуудынхаа хувийн мэдээлэл болох нийгмийн даатгалын дугаар, банкны мэдээллийг найдвартай хамгаалах чадвартай байх ёстой. Үгүй бол ажил олгогч нь ажилтны дэлгэрэнгүй мэдээллийг хамгаалаагүй, түүний үүднээс асуудлуудаас болж шүүхэд дуудагдаж болзошгүй.
Өмнө дурьдсанчлан SWOT шинжилгээ нь хүний нөөцийн төслүүдэд бас хамаатай. Хүний нөөцийн төслүүд нь дадлагажигч, дагалдан суралцагчдыг ажилд авах үйл явцыг төлөвлөх, багаар харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс эхлээд ажилтныг шилжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүртэл ямар ч байж болно. Хүний нөөцийн төслүүдэд SWOT шинжилгээг хэрхэн хийх талаар доор тайлбарлалаа.
Давуу тал
|
Сул тал
|
Боломж
|
Аюул занал
|
Хүний нөөцийн төсөлд зориулсан SWOT шинжилгээнд бусад оролцогч талуудыг оролцуулах ёстой бөгөөд ингэснээр хүний нөөцийн баг төслийн гүйцэтгэл болон байгууллага доторх ойлголтыг шударгаар харах боломжтой болно.
Үр дүнтэй SWOT шинжилгээ нь зөв мэдээлэл цуглуулж, түүнийг хүний нөөцийн шийдвэр гаргалтад зөвөөр ашиглахыг шаарддаг. Хүний нөөцийн салбарт SWOT шинжилгээ хийх зөвлөмжийг та бүхэнд хүргэе.
- Гол оролцогч талуудыг тодорхойл: Ажилтнууд, удирдлага, салбар, хамт олон гэх мэт байгууллагын хэсэг тус бүрийн хүчин зүйлсийг (давуу тал, сул тал, боломж, аюул занал) тодорхойлох, шинжлэхэд хувь нэмрээ оруулах оролцогч талуудыг тодорхойлох хэрэгтэй.
- Оролцогч талууд болон нийт байгууллагад нөлөөлж буй давуу болон сул талуудыг илрүүлэхийн тулд оролцогч талуудтай хурал хий. Ийм хурал, хэлэлцүүлэг нь зөвхөн хүний нөөцийн багийн хүрээнд хуралдах үед гарах боломжгүй шинэ хэтийн төлөв, ойлголтыг танд харуулах болно. Боломж, аюул заналхийллийн талаар мэдээлэл цуглуулахын тулд судалгаа хий. Боломжтой бол судалгаагаа тоо, график эсвэл зургаар илэрхийл. Таамаглалаас зайлсхий.
- SWOT шинжилгээ нь хүний нөөцийн стратегийн үндэс суурь болох тул үр дүнгээ баталгаажуулахын тулд чухал KPI-уудыг тогтоож, хэмжих хэрэгтэй. Жишээ нь эргэцийн хувь хэмжээ, ажилд авах хугацаа зэрэгтээ зорилго тогтоо.
- SWOT шинжилгээгээ хий. Оролцогч талуудаас цуглуулсан бүх хүчин зүйлсийг жагсааж, ач холбогдлын дарааллаар нь эрэмбэл. Байгууллагад хамгийн их ашиг авчрах тэргүүлэх хүчин зүйлүүд нь бусад хүчин зүйлсийг дэмжих боломжийг олгодог.
- Үйл ажиллагааны төлөвлөгөө гарга:
- Та зах зээлд боломжуудыг бий болгохын тулд өөрийн давуу талаа ашиглаж болно.
- Та сул тал, аюул заналхийллийг арилгахын тулд давуу тал, боломжоо ашиглаж болно
- Та сул талуудаа шийдвэрлэх замаар аюул заналхийллийг бууруулж болно
- Ийнхүү жагсаасан жагсаалтыг бүх оролцогч талууд хандах боломжтой газар хадгал. Тэргүүлэх асуудлуудыг эхлээд шийдвэрлэхийн тулд жагсаалтаа тогтмол хяна. Хүчин зүйл, нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг шалгахын тулд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө дахин тохируул.
Ажилтнуудын ур чадварт SWOT шинжилгээ хийхдээ анхаарах асуултуудын жишээг доор харуулав.
Давуу тал
|
Сул тал
|
Боломж
|
Аюул занал
|
- Хүний нөөцийн SWOT шинжилгээ нь хүний нөөцийн багт дотоод болон гадаад хүчин зүйлсийг тодорхой харах боломжийг олгодог.
- Давуу болон сул тал нь байгууллагын дотоод хүчин зүйл бөгөөд үүнийг хянах боломжтой.
- Боломж, аюул занал нь хүний нөөцийн хяналтаас гадуурх, байгууллагын гаднах хүчин зүйлүүд юм.
- Давуу тал, сул тал, боломж, аюул заналхийллийг нарийвчлан шинжлэх нь хүний нөөцийн багийг үр дүнтэй стратеги боловсруулахад бэлтгэх болно.