ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

АЖЛЫН ЯРИЛЦЛАГА ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ

2023-12-04   311
АЖЛЫН ЯРИЛЦЛАГЫН ТУХАЙ

Ярилцлага хийх нь нэг талаас нарийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ шаардсан урлаг мэт боловч нөгөө талаас үр дүнтэй байлгах үүднээс тодорхой үйл явцтай, арга зүйтэй байдгаараа бас шинжлэх ухааны шинж чанартай юм. 

Ярилцлага хийх үед баримтлах ёстой гол зарчим бол та тухайн ажил горилогчийг таньж мэдэн, ажилд авах эсэхээ шийдэхтэй нэгэн адилаар тэр хүн ч мөн манай байгууллагыг судлан ажилд орох эсэхээ шийдэхийг зорьсон хоёр талтай үйл ажиллагаа юм. Тиймээс танд, байгууллагыг төлөөлж буй хүний хувьд байгууллагынхаа талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхэд 20, 30-хан минут байгааг анхаарах хэрэгтэй.

Ярилцлага нь бэлтгэл ажил, эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн 4 хэсэгтэй байх бөгөөд ерөнхийдөө эхлэл ба төгсгөл нь ажил горилогчид байгууллагын талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхэд, өрнөл хэсэг нь тухайн ажилтны талаар шаардлагатай мэдээллүүдийг авахад чиглэгдэнэ.

Ярилцлага авагч нь ярилцлаганд урих ажил горилогч бүртэй урьдчилан утсаар, имэйлээр цаг товлох бөгөөд 1-с доошгүй цагийн завтай ирэхийг хүснэ. Мөн ярилцлага авах бүрдээ тэмдэглэл хөтлөх шаардлагатай.  

БЭЛТГЭЛ АЖИЛ

Аливаа ярилцлаганд заавал урьдчилан бэлтгэнэ. Энэ нь юуны өмнө тухайн нээлттэй байгаа ажлын байрны тодорхойлолтыг унших эсвэл ижил албан тушаалд амжилттай ажиллаж буй хүмүүсийг судлан, ямар мэдлэг, туршлага, ур чадварууд шаардагдахыг дахин сөхөж харна гэсэн үг юм. Үүний үндсэн дээр тухайн ажлын байранд хийж гүйцэтгэх ажил үүргүүдтэй холбоотой хэд хэдэн асуулт бэлдэж ярилцлага авах хуудсандаа оруулна.  

Нөгөө талаас мөн ажил горилогчийн анкет/намтарыг сайтар уншсан байвал зохино. Ингэснээр тухайн ажил горилогчид түүнийг үнэхээр сонирхож буйгаа илтгэх боломжтой болох бөгөөд анкетанд ороогүй зүйлүүдийн талаар асуух асуултуудаа боловсруулж бэлдэхэд бас тустай.

ЭХЛЭЛ ХЭСЭГ

Хэрэв ажил горилогч хоцроогүй л бол та ярилцлагыг яг товлосон цагтаа эхлүүлэх ёстой. Энэ нь мэдээж танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг дүгнэхэд маш чухал нөлөөтэй юм. Ихэнх оролцогч, ялангуяа анх удаа орж буй, эсвэл олон жил ярилцлаганд ороогүй хүмүүс ирэхдээ сандарсан, догдолсон байдалтай байдаг учраас халуун дулаан уур амьсгалаар угтаж, энгийн зүйлүүд хэлэлцэн, инээмсэглэж гар барих нь тэднийг бага боловч тайвшруулдаг. Энэ үед та түүнээс “Манай оффисийг олоход хэцүү байсан уу?”, “Гадаа хүйтэн байна уу?” гэх зэргийн ажилтай холбоогүй асуултууд асууж болох бөгөөд зарим нэгэнд цай, кофе санал болгосон ч болно. 

Ярилцлагыг албан ёсоор эхэлснийг мэдэгдэж, эхлээд байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгөх бөгөөд мөн ямар ямар ажлын байр нээлттэй байгаа талаар дурьдана. Хэрэв ажил горилогч тодорхой нэг албан тушаалыг сонирхож ирсэн бол тэр ажлын байранд хийж гүйцэтгэх чиг үүргүүдийн талаар мөн товч танилцуулах хэрэгтэй.  

ӨРНӨЛ ХЭСЭГ

Өрнөл хэсгийг тухайн ажил горилогчийг өөрийгөө танилцуулах боломж олгосноор эхлүүлэх бөгөөд, энэ үед анкетыг давхар харж тодруулах шаардлагатай зүйлүүдийг асууж тэмдэглэл хийнэ. Ихэнх тохиолдолд хүмүүсийн намтар дээр онууд байх боловч сарууд байдаггүй, ажлаас гарсан, орсон шалтгаанаа бичдэггүй, ажлын туршлагын явцад хийж гүйцэтгэсэн ажил үүргүүдээ оруулдаггүй, тодорхойлолт авах хүмүүсийн нэрс байдаггүй зэргийг санан тэдгээр мэдээллүүдийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

Амьдралын түүхээ ярих явцдаа аль хэсгийг онцлон, давтан ярьж, аль хэсгийг алгасан, орхигдуулж байгааг анзаарч, тэдгээрийн талаар мөн тодруулга хийж байх нь чухал мэдээллүүд агуулж болохыг анхаараарай. Анкетыг шинжилж дууссан бол ярилцлага хийх хуудсын дагуу шаардлагатай гэсэн асуултуудаа асууж үргэлжлүүлнэ.  Өрнөл хэсэгт дараах зүйлүүдэд анхаарах нь ярилцлагыг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой. Үүнд:

  • Тодорхой, ойлгомжтой асуултууд тавих
  • Нэгэн зэрэг олон асуулт угсруулж асуухгүй байх
  • Ажил горилогчийн яриаг таслахгүй байх
  • Хэрэв ажил горилогч асуултаас хэт хазайж өөр сэдвээр ярьж эхлэх бол эвтэйхнээр асуултаа дахин асуух эсвэл дараагийн асуултанд орох /зарим тохиолдолд хазайсан сэдэв нь өөрөө тухайн хүний талаар чухал мэдээллүүдийг өгөх нь бий/
  • Чимээгүй удаан суухаас зайлсхийж асуултаа нэг бол дахин тайлбарлах, эсвэл өөр асуулт асуух, эсвэл магадгүй шинэ сэдвээр яриа өрнүүлэх
  • Ярилцлага авагч өөрөө нийт ярилцлагын хугацааны 30%-д ярьж, 70%-д тухайн хүнийг яриулахыг хичээх
  • Ажил горилогчид хүндэтгэлтэй хандаж түүнийг үнэхээр сонирхон сонсож буйгаа бие хөдлөлөөрөө илэрхийлэх /толгой дохих, нүд рүү нь харах, дуу хоолойгоороо мэдэгдэх, г.м./
  • Тухайн хүнийхээ бие хөдлөлийг мөн сайтар ажиглаж, дүгнэлтүүдээ тэмдэглэх /жишээ нь: худал ярьж буй хүн ихэвчлэн шилээ маажих, уруулаа хазлах, гараа нүүрэндээ хүргэх, нүүрээ хувиргахгүй байх зэрэг хөдөлгөөнүүдийг олноор хийдэг/
  • Хаагдмал буюу хариулт нь 1-2 үгээр илэрхийлэгдэж болох асуултууд тавихгүй байх. /үүний оронд хэрэв, хэрхэн, яаж, ямар үед, яагаад, юуг, жишээ нь г.м. үгнүүд оролцсон асуултууд асуувал илүү тохиромжтой/
  • Ярилцлагаар өөрийн мэдлэг чадвараа харуулахыг зорих биш, ажил горилогчийн давуу болон сул талуудыг мэдэхийг урьтал болгох

 

​​ТӨГСГӨЛ ХЭСЭГ

Хэрэв тухайн ажил горилогч таны хувьд манай байгууллагад нийцэхгүй нь тодорхой болвол ярилцлагыг хурдан дуусгаж цаг хожихыг эрмэлзэх хэрэгтэй. Хэрэв 20-30 минут ярилцахад сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцуулах эсэхээ шийдэж чадаагүй бол ярилцлагыг цаашид үргэлжлүүлж болох ч 1 цагаас хэтрүүлэхгүй байх нь чухал юм. Учир нь хэт удаан ярилцсаны дараа ажил горилогчийг зөвхөн субьектив  үнэлэмжээр дүгнэх, мөн ядарсны улмаас цаашдын ярилцлагуудыг үр дүн муутай болгох магадлалтай. Аль ч тохиолдолд ажил горилогчид хүрэлцэн ирсэнд нь талархан гаргасан шийдвэрээ танилцуулсан нь оновчтой байдаг. Хэрэв тухайн ажил горилогчийг тохиромжгүй эсвэл өөр ажлын байранд тохирч магадгүй гэж үзвэл нээлттэй ажлын байрны шаардлаганд зарим нэг ур чадварууд нь, эсвэл мэдлэг туршлага нь хангалтгүй байгааг хэлж, тохирох ажлын байр гарвал мэдэгдэхээ илэрхийлнэ. Хэрэв ажил горилогчийг боломжтой гэж үзвэл дараагийн шатны сонгон шалгаруулалт ямар байх талаар мэдээлэл өгнө. Зарим тохиолдолд тэр дор нь шийдвэр гаргаагүй бол хариуг утсаар эсвэл и-мейлээр мэдэгдэхийг хэлнэ.

Ярилцлагын төгсгөлд ажил горилогчид гарах гарц, хаалгыг зааж үдэж өгнө.

ЯРИЛЦЛАГААР ТОДОРХОЙЛОХ УР ЧАДВАРУУД

Амжилттай болсон ярилцлагаар тухайн ажил горилогчийн талаарх дараах мэдээллүүд, шинж чанарууд, ур чадварууд тодорхой хэмжээнд мэдэгдсэн байх шаардлагатай. Үүнд:

  1. Өөртөө итгэлтэй байдал
  2. Асуултыг хэр сайн ойлгож тодорхой хариултууд өгч байгаа /харилцааны ур чадвар/
  3. Ажилд орох хүсэл, сонирхол хэр байгаа /мотиваци/
  4. Үнэнч шудрага байдал
  5. Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой эсэх /2-с доошгүй жил/
  6. Хувийн соёл /биеэ авч яваа байдал, хувцаслалт, үс засалт, ариун цэвэр г.м./
  7. Өөрийгөө хэр сайн мэддэг
  8. Хамгийн давуу болон сул талууд
  9. Яагаад манай байгууллагыг сонгосон шалтгаан
  10. Карьер түүх /ажлын туршлага, ололт амжилтууд/
  11. Карьер төлөвлөлт ба амбиц
  12. Сонирхож буй цалингийн хэмжээ
  13. Ажилд орох боломжтой хамгийн наад талын хугацаа

Ярилцлагыг дүгнэхдээ эдгээр үзүүлэлтүүд нь тухайн ажлын байрны шаардлаганд нийцэхүйц байгаа эсэхээр бодож эцсийн шийдвэрийг гаргана. Хэрэв аль нэг үзүүлэлтийн хувьд нийцэхээргүй байвал дахин сайн бодож тунгаан, бусадтай зөвшилцсөний үндсэн дээр дүгнэлт гаргах нь илүү үр дүнтэй.

 

ЯРИЛЦЛАГАНД АШИГЛАЖ БОЛОХ АСУУЛТУУД

Ажил горилогчын нэр: _____________________Ярилцлага авагчын нэр: _______________ 

Сонрхож буй ажлын байр:  ­­­­­­­­­­­­­­­­­­­__________________________Огноо: _____________________

  1. Та өөрийгөө танилцуулах уу?
  2. Яагаад энэ ажилд орохыг сонирхож байгаа вэ?
  3. Манай байгууллагын талаар юу мэдэх вэ?
  4. Та карьерын хувьд ямар зорилгод хүрэхийг эрмэлздэг вэ?
  5. Та энэ зорилгодоо хүрэхийн тулд ойрын 5 жилд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
  6. Таны мөрөөдлийн ажил юу вэ?
  7. Танд байгууллагын ямар шинж чанарууд сайн байх нь хамгийн чухал вэ? /сонголт хийхэд/
  8. Таны бусдаас давуу болон дутагдалтай талууд юу вэ?
  9. Та цаашид өөрийн ямар талаа хөгжүүлэх бодолтой байгаа вэ?
  10. Таны ажил мэргэжлийнхээ хүрээнд гаргаж байсан хамгийн том амжилтууд юу вэ?
  11.  Та ганцаарчилж эсвэл багаар ажиллах дуртай юу?
  12. Танд ямар зан төрхтэй хүмүүстэй хамтарч ажиллахад хүндрэлтэй санагддаг вэ?
  13. Та ажил дээрээ юунаас зайлсхийхийг хичээдэг вэ?
  14. Таны хамгийн сүүлийн ажилд тохиолддог байсан гол бэрхшээлүүд юу вэ?
  15. Та өөрийгөө хувь хүний хувьд тодорхойлбол? /Зан байдал, шинж чанар/
  16. Таны бодлоор аливаа ажилтан амжилттай сайн ажиллахад ямар шинж чанарууд гол үүрэг гүйцэтгэдэг вэ?
  17. Та ажлын туршлагынхаа явцад ямар нэг бүтээлч санаа дэвшүүлж байсан талаараа ярина уу.
  18. Таны хувьд сүүлийн 1 жилд гаргасан хамгийн хүнд  шийдвэр юу байсан бэ?
  19. Та бусад ажилтнууддаа үлгэр жишээ болдог уу? Тийм бол юугаараа?
  20. Та өөрийгөө удирдлагын ямар аргаар хүмүүсээ удирддаг гэж боддог вэ?
  21. Та өөрийн удирдлагатайгаа маргаж байсан нэг тохиолдлоосоо хуваалцаач.
  22. Та сүүлийн 1 жилд олны өмнө гарч презентаци тавьж эсвэл үг хэлж байсан уу?
  23. Та өөрийгөө ачаалал ихтэй ажилладаг гэж боддог уу? Яагаад?
  24. Таныг өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал түлхэц болсон үйл явдал юу байсан бэ?
  25. Та сүүлийн нэг жилд өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийсэн бэ?
  26. Та ямар төрлийн ном, сэтгүүл уншдаг вэ?
  27. Танд юу жинхэнэ урамшуулал болж сайн ажиллахад нөлөөлж чадах вэ?
  28. Та өөрийгөө байгууллагын хувьд маш чадварлаг боловсон хүчин болгохын тулд юу хийх вэ?
  29.  Стрессээс гарах арга барил тань юу вэ?
  30. Та юунаас болж энэ ажлаас гарч магадгүй вэ?
  31. Та өөрийн алдаанаасаа суралцсан талаараа нэг жишээ дурьдана уу.
  32. Та яагаад энэ мэргэжлийг сонгож суралцах болсон бэ?
  33. Хэрэв болдог бол та өнгөрсөн үеийнхээ боловсрол болон ажил мэргэжилтэй холбоотой ямар зүйлүүдийг өөрчлөх байсан бэ?
  34. Таны хувьд амжилт гэж юу вэ?
  35. Таны хувьд хамгийн сайн удирдагч ямар байх ёстой вэ?
  36. Та хобби буюу сонирхдог зүйлсийнхээ талаар яриач.
  37. Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
  38. Таны хувьд ажлын чанар чухал уу, хурд чухал уу?
  39. Та манай өрсөлдөгчдийн талаар хэр мэдэх вэ?
  40. Та хэрхэн ажил хайж байгаа вэ? /өөр байгууллагуудад св өгсөн эсэх/
  41. Таны сонирхож буй цалингийн хэмжээ?
  42. Таныг ажилд авбал хэдэн жил манай байгууллагад ажиллах бодолтой байгаа вэ?
  43. Таны хувьд цалин илүү чухал уу, ажил нь чухал уу?
  44. Та ачаалал ихтэй үед амралтын өдрүүдэд, заримдаа шөнө ч гэсэн ажиллах уу?
  45. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйлс юу вэ?
  46. Та ямар нэгэн олон нийтийн сонгуульт ажилтай юу? Гишүүнчлэл бий эсэх?
  47. Таны амьдралдаа чухалчлан эрхэмлэдэг зүйлс юу вэ?
  48. Танд надаас асууж тодруулах зүйл байна уу?
ДҮГНЭЛТ:
  1. Өөртөө итгэлтэй байдал
  2. Харилцааны ур чадвар
  3. Ажилд орох хүсэл, сонирхол хэр байгаа
  4. Үнэнч шудрага байдал
  5. Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой эсэх /2-с доошгүй жил/
  6. Хувийн соёл /биеэ авч яваа байдал/
  7. Өөрийгөө хэр сайн мэддэг
  8. Хамгийн давуу болон сул талууд
  9. Яагаад манай байгууллагыг сонгосон шалтгаан
  10. Карьер түүх /ажлын туршлага, ололт амжилтууд/
  11. Карьер төлөвлөлт ба амбиц
  12. Сонирхож буй цалингийн хэмжээ
  13. Ажилд орох боломжтой хамгийн наад талын хугацаа