ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ             88085704, 95959514, 94101170, 94101180     info@hrconsulting.mn
Цаг үеийн нийтлэл

АЖИЛТНУУДАД ЧИГЛЭСЭН МАРКЕТИНГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ НЬ

2023-11-23   428
Ажилтнуудад чиглэсэн маркетинг нь ажилтнуудаа байгууллагынхаа бизнесийн зорилттой уялдуулах, брэндийн сурталчилгааг бий болгох гайхалтай арга юм. Гэвч тус аргыг ашигладаг байгууллагууд цөөн. Эдельманы 2020 оны судалгаанд оролцогчдын 54% нь "ердийн" ажилтныг компани доторх найдвартай, үнэн эх сурвалж гэж үздэг хэмээн хариулжээ. Ажилтнуудынхаа дуу хоолой, туршлагыг нэмэгдүүлэх нь танай компанийн ажил олгогчийн брэндийг сурталчлах, шилдэг талентуудыг татахад тусална. Энэхүү гарын авлагатаа ажилтнуудад чиглэсэн маркетинг гэж юу болох, түүний ашиг тусыг тайлбарлахаас гадна хүний ​​нөөцийн мэргэжилтнүүд хэрхэн ажилтнуудад чиглэсэн маркетингийн үр дүнтэй стратегийг боловсруулах талаарх зөвлөгөөг хүргэх болно.

АЖИЛТНУУДАД ЧИГЛЭСЭН МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Дотоод маркетинг гэж ихэвчлэн нэрлэдэг ажилтнуудад чиглэсэн маркетинг нь байгууллагыг ажилтнууддаа сурталчлах явдал юм. Энэ нь компанийн эрхэм зорилго, зорилт, үнэт зүйл, бүтээгдэхүүн, үйлчилгээг тэдэнд "худалдах" гэсэн үг юм. Ажилтнуудад чиглэсэн маркетингийн хувьд ажилтнуудыг дотоод үйлчлүүлэгчид гэж үздэг бөгөөд ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг байгууллагын ажил олгогчийн брендийн нүүр царай, төлөөлөгч  болгох зорилготой.  Forbes-ийн тайлбарласнаар: Ажилтнууд нь худалдан авалт хийх үед хэрэглэгчид илүү ихийг худалдаж авдаг гэсэн байна. Ажилтанд чиглэсэн маркетинг нь ажилтантай харилцах харилцааны нэг хэсэг бөгөөд үүнд:

  • Ажилтны амьдралын мөчлөгийн туршид харилцах харилцаа
  • Цалин хөлс, олговор
  • Урамшуулал, тэтгэмж
  • Сургалт, хөгжлийн боломж
  • Сайн сайхан байдалд төвлөрсөн хөтөлбөрүүд
  • Тогтоон барилт

Ажилтантай харилцах харилцаа бүр ажилтнуудад эерэг сэтгэгдэл, үнэ цэнийг мэдрүүлж, компанийн брэндийг ажилтнуудад сурталчилж байх хэрэгтэй.

ХҮНИЙ НӨӨЦ ЯАГААД АЖИЛТНУУДАД ЧИГЛЭСЭН МАРКЕТИНГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Дээр дурдсанчлан ажилтнуудад чиглэсэн маркетинг нь аливаа байгууллагын амжилтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дотоод харилцаа холбооноос эхлээд компанийн ажилтнуудын үнэ цэнийн санал (EVP) хүртэл бүх зүйлд нөлөөлдөг. Ийм учраас хүний ​​нөөцийн мэргэжилтнүүд нь байгууллагын дотоод маркетингийн стратегийг удирдахад хамгийн тохиромжтой байр суурь эзэлдэг. Хүний нөөцийн багууд нь байгууллагыг ямар шинжээр нь бусдаас ялгаруулах, EVP-ийг компанийн эрхэм зорилго, үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах,  хэрхэн ажилтнуудын амьдралын мөчлөг бүрд үр дүнтэй харилцаж EVP-г өсгөх талаар ихээхэн туршлагатай, мэдлэгтэй байдаг. Байгууллага, талентын удирдлага, соёл, ажилтнуудын оролцооны талаарх тэдний энэ гүнзгий мэдлэг ойлголтыг ашигласнаар хүний ​​​​нөөц нь ажилтнуудад чиглэсэн маркетингийн стратегийг тодорхойлох гол тоглогч болж чадна. Хүний нөөц нь маркетинг, манлайлал болон бусад холбогдох хэлтсүүдтэй хамтран ажиллаж чадвал байгууллагын ажил олгогчийн брэндийг үнэ цэнтэй болгож, түүнийг бизнесийн ерөнхий зорилготой нийцүүлэх чадамжтай болдог.

АЖИЛТНУУДАД ЧИГЛЭСЭН МАРКЕТИНГИЙН АЧ ТУС

Хэрэв та байгууллагын  бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд сурталчлан,  итгүүлэхийг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд “ажилтнууд”-даа сурталчилж эхлэх хэрэгтэй. Ажилтнуудад чиглэсэн маркетингийн стратеги нь хэд хэдэн давуу талтай бөгөөд тэдгээрээс дурдвал :

  • Ажилтнуудын оролцоо нэмэгдэх;
  • Брэндийг сурталчлах ажлын үр дүн нэмэгдэх;
  • Бүтээмж өсөх;
  • Ажилтнуудын ажлаас гарах хувь багасах;
  • Хэрэглэгчийн үйлчилгээ сайжрах;
  • Үйлчлүүлэгчдээ хадгалж үлдэх;
  • Ажил олгогчийн брэндэд эерэг нөлөө үзүүлэх.

ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ 10 ТӨРЛИЙН АЖИЛТНУУДАД ЧИГЛЭСЭН МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ

Энэ хэсэгт бид хүний ​​нөөцийн мэргэжилтнүүдийн аль ч нөхцөлд хэрэгжүүлж болох ажилтнуудад чиглэсэн маркетингийн стратегиудыг авч үзэх болно .

Талентыг татах: Сонирхол татахуйц ажил олгогчийн брэндийг бий болгох

  1. Сонирхолтой ажлын байрны тодорхойлолтыг гарга: Даалгавруудыг жагсаахаас цаашгүй ажлын байрны тодорхойлолт бус компанийнхаа эрхэм зорилго, ашиг тус, өсөлтийн боломжуудыг харуулсан ажлын байрны тодорхойлолтыг бий болго
  2. Ажилтнуудын сэтгэгдлийг хуваалц: Боломжит нэр дэвшигчдэд компанийнхаа соёлыг харуулахын тулд одоогийн ажилтнуудын компанид ажиллах үеийн сэтгэгдлийг видео бичлэг эсвэл бичгэн хэлбэрээр олон нийтийн сүлжээнд хуваалц.

Шилдэг талентуудыг элсүүлэх

  1. Ажилтан санал болгох хөтөлбөрийг сурталчлах: Ажилтнуудад “ажилтан санал болгох хөтөлбөр”-ийн талаар хэлж, байнга сануулж байх хэрэгтэй. Мөн ажилтнууд  Нэр дэвшигч санал болгохоор бол хэрхэн, ямар үйл явцаар санал болгох талаар  тодорхой ойлголтыг өгөх хэрэгтэй.

Оролцооны амжилт

  1. Компанийнхаа эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг онцлон тэмдэглэ: Бизнесийн зорилгоо хэрэгжүүлэх явцад эдгээр үндсэн элементүүдийг бататга .
  2. Шинээр ажилд орсон хүмүүсийг халуун дотноор угтан ав: Анхны сэтгэгдэл чухал. Ажилтнуудаа тогтвортой ажиллуулах хувиа нэмэгдүүлэхийн тулд шинээр ажилд орсон хүмүүстээ эхний өдрөөс нь үнэ цэнтэй, хүндлэгдсэн мэдрэмжийг мэдрүүлээрэй.

Шилдэг ажилтнуудаа авч үлдэх

  1. Ажилтнуудыг таниулах хөтөлбөр хэрэгжүүл: Ажилтнуудынхаа шаргуу хөдөлмөрийг үнэлж, тэмдэглэ. Тэдний хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрөх нь компани доторх оролцоо, нөлөөллийг дэмждэг.
  2. Менторын хөтөлбөрүүдийг дэмжих: Мэргэжлийн болон хувийн өсөлтийг дэмжих, нөхөрлөлийг бий болгох, үнэ цэнтэй мэдлэгийг шилжүүлэх зорилгоор менторын хөтөлбөрүүдийг бий болгож, дэмжих
  3. Суралцах, хөгжих боломжоор хангах: L&D /learning and development/ цогц хөтөлбөрүүдийг санал болгох замаар ажилтнуудынхаа өсөлтөд хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэхүү хөрөнгө оруулалт нь танай ажилтнуудад ашиг тусаа өгч, дотоод маркетингийн үр дүнтэй хэрэгсэл болох болно.
  4. Ажилтнуудын сайн сайхан байдлын төлөө санаачилга гаргах: Санхүү, бие махбод, оюун санаа, нийгмийн эрүүл мэндийг дэмжих цогц сайн сайхан байдлын хөтөлбөрүүдийг боловсруул. Эдгээр хөтөлбөрүүд нь ажилтнуудын сайн сайхан байдлыг бий болгож, маркетингийн үр дүнтэй стратеги болох болно.

Үнэ цэнтэй сүлжээг бий болгох, хадгалах

  1. Ажлаас гарсан ажилтнуудтай холбоотой байх: Ажлаасаа гарсан хүмүүс бол танай ажилтнуудад чиглэсэн маркетингийн стратегид үнэ цэнтэй нөлөөлөгчид юм. Танай компанид ажилласан туршлагынхаа талаар эергээр ярьдаг хуучин ажилтнуудаа дэмжиж, холбоотой байгаарай. Мөн боломжит нэр дэвшигчдийг татахын тулд тэднээс санал асууж, тэдэнтэй харилцаа холбоотой байгаарай.

Ажилтнуудад чиглэсэн үр дүнтэй маркетинг нь амлалтаа биелүүлэхээс шууд хамаардаг гэдгийг санаарай. Ажилд авахдаа нэр дэвшигчдэд амласан боломж, дэмжлэгээ хүргэж чадсан эсэхээ шалгаарай. Ажилтнуудад чиглэсэн маркетингийн хэрэгжилтийг үнэлж, сайжруулах хэсгүүдийг тодорхойлохын тулд ажилтны амьдралын мөчлөгийн бүхий л үе шатанд санал хүсэлт авч, санал хүсэлтийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Үнэ цэнтэй ойлголтыг цуглуулахын тулд санал асуулга, санал хүсэлтийн хэрэгслүүд, ярилцлага, ажлаас гарах үеийн ярилцлага гэх мэт хэрэгслүүдийг ашиглаарай. Байгууллагадаа тасралтгүй сайжруулалтыг бий болгохын тулд энэхүү санал хүсэлтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх нь хамгаас чухал шүү.

 АЖИЛТНУУДАД ЧИГЛЭСЭН МАРКЕТИНГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ 5 ЗӨВЛӨГӨӨ

Ажилчдын маркетингийн стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах таван хүчин зүйлийг анхаарч үзээрэй.

1. Хүчтэй баг бүрдүүлэх: Амжилттай маркетинг хэрэгжүүлж, үр дүнд хүрэхийн тулд маркетинг, харилцаа холбоо зэрэг өөр өөр хэлтсийн мэргэжилтнүүдийг хайж олж өөрийн багийг бүрдүүлээрэй. Ажилтан бүр өөр өөрийн үнэ цэнтэй мэдлэг, хэтийн төлөвийг эзэмшдэг тул тэднийг татан оролцуулах нь ихээхэн чухал байдаг.

2. Одоогийн нөхцөл байдлыг үнэлэх: Ажил олгогчийн брэнд гэх мэт байгууллагынхаа хэдийн сайн ажиллаж байгаа зүйлийг үнэлж, түүнийг ажилтнуудад чиглэсэн маркетингийн стратегидаа загвар болгон ашигла. Нөлөөллийг бий болгохын тулд ашиглаж болох хялбар давуу талуудаа тодорхойл.

3. Хэрэглэгчийн болон компанийн брэндийн багуудыг уялдуулах: Дотоод болон гадаад маркетингийн харилцаа холбоогоо тууштай, нэгдмэл байлгахын тулд олон салбарыг хамарсан багийг цуглуул.

4. Байгууллагын (дотоод) үйлчлүүлэгчээ мэдэх: Ажилтнуудад чиглэсэн маркетингийн хүрээнд танай ажилтнууд бол таны үйлчлүүлэгчид юм. Оффисын ажилтнууд, гэрээт ажилтнууд, гүйцэтгэх ажилтнууд, алсын зайны ажилтнууд зэрэг нь  өөр өөр үүрэг, онцлогтой байж болох ч ХН нь тэдний хэрэгцээг ойлгодог байх хэрэгтэй. Үүнд ажилтнуудын хороог татан оролцуулснаар та нь үнэ цэнтэй ойлголтуудыг авч чадна.

5. Бага багаар эхэлж, давтах: Ажилтны амьдралын мөчлөгийн аль хэсэг нь танай байгууллагын зорилгод нийцэж байгааг тодорхойлж, түүнд анхаарлаа төвлөрүүл. Зорилгоо тавьж, ажилтнуудад чиглэсэн маркетингийн стратегийг хэрэгжүүлж, үр дүнг нь хэмж. Хэмжсэн үр дүнд тулгуурлан тохируулж, сайжруул.

ДҮГНЭЛТ

Ажилтнуудад чиглэсэн маркетингийг ашигласнаар байгууллага дахь ажилтнуудын оролцоог сайжруулж, брэндийн сурталчилгааг идэвхжүүлж чадна. Гэсэн хэдий ч ажил олгогчид ажилтнууддаа санал болгосон үнэ цэнийн амлалтаа биелүүлэх нь хамгийн чухал зүйл гэдгийг мартаж болохгүй.